Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

2 Самуел 17:7-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Хушаи Абсаломд—Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв.

8. Тэгээд цааш нь Хушаи—Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй.

9. Одоо тэр нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв таны цэргүүдийг тэр довтолбол, үүнийг сонссон хүн бүр “Абсаломыг дагалдагч цэргүүдийн дотор алуулсан хүмүүс байна” гэж хэлнэ.

10. Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг бол хүчит хүн бөгөөд түүнийг дагалдагчид нь эрэлхэг, зоригтой хүмүүс гэдгийг Израиль даяар мэднэ.

11. Харин Данаас Бершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна.

12. Түүнийг олж болохоор нэг газарт бид түүн уруу очиж, шүүдэр газар унах мэт түүнийг бид нөмрөн авч, түүнийг болон хамт буй хамаг цэргүүдийн нэгийг нь ч амьд үлдээхгүй.

13. Хэрэв тэрээр аль нэгэн хотод орогновол, бүх Израиль тэр хот уруу олс авчран, тэнд ганц ч чулуу үлдэхгүй болтол нь тэр хотыг хөндий хүртэл чирнэ гэв.

14. Абсалом болон Израилийн хамаг ардууд—Архет хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.

15. Хушаи тахилч Задок болон Абиатар нарт—Ахитофел нь Абсалом болон Израилийн ахлагчдад ингэж зөвлөсөн бөгөөд, харин би ийм зөвлөгөө өгөв.

16. Тиймээс одоо яаралтай хүн явуулж, Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг гатлан яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг хүмүүс нь алагдах вий” хэмээн хэл гэв.

17. Ионатан болон Ахимааз Ен-Рогелд байв. Тэд хотод нэвтэрч, харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж, тэдэнд хэлсэнд, тэд Давид хаанд хэл хүргэхээр болов.

18. Гэтэл нэг эрэгтэй хүүхэд тэднийг хараад Абсаломд хэлэв. Иймд тэр хоёр яаравчлан явсаар, Бахуримд нэгэн хүний гэрт очив. Тэр хүн хашаандаа худагтай бөгөөд тэд түүн дотор оров.

19. Эмэгтэй бүтээлэг авч ирэн, худгийн амыг бүтээж, түүний дээр буудай тараан цацаж, юу ч мэдэгдэхгүй болгов.

20. Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж—Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд, тэр эмэгтэй—Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав.

бүрэн бүлгийг уншина уу 2 Самуел 17