Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 25:9-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Давидын залуус тэнд ирцгээж, хэлсэн бүх үгсийн дагуу Давидын нэрийн өмнөөс Набалд хэлэн хариуг хүлээв.

10. Харин Набал Давидын зарц нарт хариулахдаа—Давид гэж хэн юм бэ? Иессийн хөвгүүн гэж хэн юм бэ? Одоо эзнээсээ зугтаах боолууд олон боллоо.

11. Хонины ноос хяргагчиддаа зориулж нядалсан энэ мах, ус болон талхаа хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хүмүүст би өгөх ёстой болж байна уу? хэмээн өгүүлэв.

12. Тэгэхэд Давидын залуус ирсэн замаараа буцаж ирцгээн эдгээр бүх үгсийг Давидад мэдүүлэв.

13. Давид хүмүүстээ—Хүн бүр өөрсдийн илдээ биедээ зүүгтүн хэмээн тушаасанд хүн бүр илдээ зүүв. Давид ч бас илдээ зүүн, дөрвөн зуугаад хүн Давидыг дагаж яван, хоёр зуун хүн ачаа бараагаа харж үлдэв.

14. Гэтэл Набалын эхнэр Абигаилд залуусынх нь нэг нь мэдүүлэн—Харагтун, бидний эзэнд мэнд хүргэхийн тулд Давид цөлөөс элч нарыг илгээсэнд манай эзэн тэднийг харааж зүхэв.

15. Гэсэн ч тэдгээр хүмүүс бидэнд их сайн хандаж, биднийг гомдоогоогүй, бас бид тэдэнтэй хамт хээр талд байхад бидний юу ч алга болоогүй билээ.

16. Биднийг тэдэнтэй хамт хонь хариулж байх үед өдөр ч, шөнө ч тэдгээр хүмүүс бидэнд хана цайз мэт болж байв.

17. Тиймээс одоо та яавал зохихыг бодож мэдэгтүн. Учир нь гай зовлон бидний эзэн болон түүний бүх гэрийнхнийг дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн бол үнэхээр өөдгүй хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй хэмээн өгүүлэв.

18. Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийнээ бэлтгэгдсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүд дээр ачаалав.

19. Тэр өөрийн залуустаа—Миний өмнө яв. Би та нарын араас явж байна гэв. Гэвч тэр эмэгтэй өөрийн нөхөр Набалд юу ч хэлсэнгүй.

20. Тэр илжгээ унаж, уулын нугачаагаар бууж ирэх үед Давид болон түүний хүмүүс түүн уруу бууж ирж байсан бөгөөд тэд уулзлаа.

21. Давид—Би цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхдаа тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад сайныг муугаар хариулав.

22. Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос ганц ч эрэгтэй хүнийг үлдээвэл Бурхан Давидын дайснуудыг ийнхүү бөгөөд үүнээс ч улам ихээр шийтгэх болтугай хэмээн хэлээд байсан ажээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 25