Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 8:26-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Харин Эзэний тэнгэр элч Филипт—Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)

27. Тэр ч босоод явав. Тэгтэл тэнд Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд,

28. буцан явж байжээ. Тэр буцах замдаа тэргэндээ эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж явав.

29. Сүнс Филипт хандаж—Тэр тэргийг гүйцэн оч гэв.

30. Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс—Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэж асуухад

31. тэр—Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ? гээд Филипийг тэргэндээ урьж суулгав.

32. Түүний уншиж байсан Судрын хэсэг гэвэл,“Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөдХяргагчийн өмнө буй хурга дуугүй байдаг шиг Тэр амаа ч нээгээгүй юм.

33. Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн.Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ?Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм”гэсэн нь аж.

34. Мөнөөх тайган хүн Филипт хандаж—Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд

35. Филип ам нээн тэрхүү Судраас эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өгөв.

36. Тэд замаараа явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн—Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв.

37. [Филип—Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр—Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна хэмээн хариулав.]

38. Мөнөөх тайган хүн тэргийг зогсоохыг тушаав. Тэгээд тэд хоёулаа ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ.

39. Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ.

40. Харин Филип Азотод ирснээ мэдэв. Тэр Кайсарид хүртлээ дайран гарсан бүх хотуудад сайн мэдээг дэлгэрүүлсээр явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 8