Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 7:42-60 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр “Израилийн гэр ээ, цөлд та нар дөчин жил Надад өргөл, тахилаа өргөөгүйсэн бил үү?

43. Та нар мөн Молохын асар, [өөрсдийнхөө] Ромфа бурхны од, мөргөж шүтэхээр хийсэн хөргүүдээ авцгаасан. Би ч бас та нарыг Вавилоны чанад уруу зайлуулах болно” гэсэн байдаг.

44. Цөлд бидний өвөг дээдэс Гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар нь хийгдсэн байлаа.

45. Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.

46. Давид Бурханы өмнө тааллыг олон, Иаковын Бурханд орших газар олъё хэмээн тэр гуйсан.

47. Харин Түүнд өргөө босгосон нь Соломон болой.

48. Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн нь хүний гараар хийгдсэнд оршдоггүй бөгөөд эш үзүүлэгчийн

49. “Эзэн айлдахдаа«Тэнгэр болбоос Миний сэнтий,Газар болбоос Миний хөлийн гишгүүр.Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ?Би амрах ямар газар байна вэ?

50. Энэ бүх зүйл Миний мутраар бүтээгдээгүй гэж үү?»”гэсэн байдаг.

51. Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.

52. Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ Түүнээс та нар урвагсад, мөн алуурчид болцгоожээ.

53. Та нар хуулийг тэнгэр элч нараар тогтоогдсон гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.

54. Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа.

55. Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,—

56. Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв.

57. Гэтэл тэд чанга орилолдон, чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч,

58. түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж гарав. Саул гэгч залуугийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа.

59. Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан,—Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв.

60. Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар,—Эзэн, энэ нүглийн төлөө тэдэнд шийтгэл бүү оноогооч хэмээн хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 7