Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 7:12-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав.

13. Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчилснээр Иосефын гэр бүл Фараонд танил болов.

14. Иосеф үг илгээж, өөрийн эцэг Иаков, бүх төрөл төрөгсөд нь болох далан таван хүнийг өөр уруугаа ир хэмээн урьжээ.

15. Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн байна.

16. Тэндээс тэднийг Сухем уруу аваачиж, Сухемд Емморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тавьжээ.

17. Харин Бурханы Абрахамд амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх манай ард түмэн өсөж, олон болов.

18. Энэ нь Иосефын талаар юу ч мэдэхгүй өөр хаан [Египетийг] захирах хүртэл үргэлжилсэн билээ.

19. Тэр бидний удмынхны эсрэг заль гарган өвөг дээдэст маань, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг албадаж байсан.

20. Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэр Бурханы өмнө хайрыг булаасан нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ.

21. Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, төрсөн хүү шигээ үзэж, асран өсгөв.

22. Мосе Египетийн бүх эрдэмд боловсорч, ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ.

23. Харин нас дөч дөхөх үед Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол түүний зүрх сэтгэлийг эзэмдэв.

24. Тэдний нэг нь шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад, түүнийг хамгаалж, Египет хүнийг цохин унагааж, өнөөх дарлагдсан хүний өшөөг авчээ.

25. Бурхан тэдэнд өөрөөр нь дамжуулж аврал соёрхож байгааг ах дүү нар нь ойлгоно гэж тэр бодсон боловч, тэд ойлгосонгүй.

26. Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү нар байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ.

27. Гэтэл хөршөө бэртээж байсан нэгэн нь түүнийг түлхэж, “Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?

28. Өчигдөр Египет хүнийг алсныхаа адил чи намайг алах гээ юу?” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 7