Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 7:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэргүүн тахилч—Энэ үнэн үү? гэв.

2. Тэгтэл тэр ингэж хэлэв.—Ах дүү нар аа, өвгөд өө, намайг сонс! Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,

3. “Эх нутаг, төрөл садангуудаа орхи. Миний чамд үзүүлэх тэр газарт ир” гэсэн.

4. Тийнхүү тэр Халдай нутгийг орхин Харранд ирж суурьшсан. Тэгээд түүний эцгийг нас барсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ амьдарч байгаа энэ нутагт нүүлгэсэн билээ.

5. Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өмчөөр өгөөгүй хэдий ч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм.

6. Бурхан ийнхүү айлдахдаа “Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бөгөөд дөрвөн зуун жилийн турш дарлагдана.

7. Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ” гээд, Бурхан цааш нь “Дараа нь тэд гарч явах бөгөөд энэ газарт Надад үйлчлэх болно” гэжээ.

8. Тэр түүнд хөвч хөндөх ёслолын гэрээг өгсөн. Ийнхүү Абрахам Исаакийн эцэг болж найм дахь хоног дээр нь түүний хөвчийг хөндөв. Исаак Иаковын эцэг болж, Иаков арван хоёр өвөг дээдсийн эцэг болсон.

9. Өвөг дээдэс нь Иосефт атаархах болж, түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд

10. түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргаж, Египетийн хаан Фараоны өмнө ивээл, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн захирагчаар тавьж, бүх албаа түүгээр хөтлүүлж байлаа.

11. Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ.

12. Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 7