Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 5:29-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Харин Петр болон бусад элч нар тэдэнд—Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой.

30. Та нарын загалмайд өлгөж алсан Есүсийг бидний өвөг дээдсийн Бурхан амилуулсан билээ.

31. Нүглүүдийг уучлах, Израильд гэмшлийг соёрхохын тулд Бурхан Түүнийг баруун гарынхаа Захирагч мөн Аврагчаар өргөмжилсөн.

32. Эдгээрийг бид төдийгүй Түүнийг дагагсдад Бурханы өгсөн Ариун Сүнс гэрчилж байна гэв.

33. Гэтэл тэд үүнийг сонсоод уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.

34. Харин олонд хүндтэй, Хуулийн багш Гамалиел гэгч фарисай хүн Зөвлөлийн дотор босож, тэднийг түр гаргахыг тушаав.

35. Тэгээд зөвлөлийнхөнд хандаж—Израиль эрчүүд ээ, эдгээр хүмүүст аливааг үйлдэхдээ болгоомжтой хандацгаа.

36. Саявтар Тюд гэгч нэгэн гарч ирэн, өөрийгөө хэн нэгнээр өргөмжлөхөд, түүнтэй дөрвөн зуу орчим хүн нэгдсэн. Харин түүнийг алагдахад дагалдагсад нь бүгд тарж, алга болцгоосон.

37. Тэр хүний дараа Галилын Иуда гэгч хүн амын тооллогын үеэр гарч ирэн, хүмүүсийг өөрийнхөө араас дагуулав. Тэр ч бас үхсэн. Дагалдагсад нь бүгд тарсан билээ.

38. Тэгэхлээр энэ удаагийн хэрэгт ч би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаая. Тэднийг зүгээр л явуулчих. Яагаад гэвэл хэрэв энэхүү зорилго, үйлс нь хүнээс эхтэй бол нурж унах болно.

39. Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд

40. тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав.

41. Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа.

42. Тэгээд өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 5