Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 27:9-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Ийнхүү багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд мацаг барих үе ч өнгөрсөн байлаа. Аялал улам ч аюултай болж байсан тул Паул тэдэнд сэрэмжлүүлж,—

10. Эрчүүд ээ! Цааш аялах нь зөвхөн усан онгоц болон ачаанд том гарз учруулах төдийгүй бидний амь насанд ч аюул учруулж болзошгүй гэж би үзэж байна гэв.

11. Гэвч зуутын дарга Паулын үгэнд итгэхээсээ илүү онгоцны ахмад ба залуурчинд итгэж байлаа.

12. Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх хүмүүс тэндээс тэнгист гарч хэрэв чадвал Фойник хэмээх Кретийн боомтод хүрч, өвлийг өнгөрөөе гэж шийджээ. Уг боомт нь зүүн өмнөд ба зүүн хойд зүг уруу харсан байрлалтай аж.

13. Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь хэмээн санаж зангуугаа татаж, Кретийн дагуу эрэг дагаж хөвөв.

14. Харин тун удалгүй эх газраас Еуракулон гэдэг хүчтэй салхи хуйлран салхилахад

15. усан онгоц сөрж чадалгүй, салхинд хөтлөгдөн туугдахад хүрэв.

16. Бид Клауда хэмээх нэгэн багахан арлын нөмрөөр өнгөрч явахдаа онгоцны завийг арай чүү тогтоон барьж байлаа.

17. Тэд завийг дээш гаргаад татлагаар усан онгоцыг бүслэн татаж, Суртад хайргадчих вий гэж эмээн, зангуугаа буулгаад салхины аясаар хөвөв.

18. Шуурганд хүчтэй шидэгдэж байснаас болж дараа өдөр нь тэд ачаагаа хаяцгааж эхлэв.

19. Гурав дахь өдөр нь тэд өөрсдийнхөө гараар усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч хаяцгаав.

20. Олон өдрийн турш нар, одод ч үзэгдсэнгүй. Шуурга ч аажмаар ширүүсэж байсан тул бидний аврагдах горьдлого аажмаар тасарлаа.

21. Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод—Эрчүүд ээ! Та нар миний үгийг дагаж Кретээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан.

22. Одоо харин би та нараас эр зоригтой байхыг хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй бөгөөд харин усан онгоц л сүйрнэ.

23. Урьд шөнө миний харьяалагддаг болон миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэр элч өмнө минь зогсож

24. “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд соёрхсон” гэв.

25. Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна.

26. Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ.

27. Бид Адриатын тэнгисээр туугдсаар арван дөрөв дэх шөнөтэйгөө золгов. Гэтэл шөнө дунд усан цэргүүд эх газарт дөхөн явааг таамаглаад,

28. тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв.

29. Ингээд хаа нэгтээ хад мөргөхөөс болгоомжлон тэд усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн залбирч байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 27