Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 26:5-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэд миний амьдралыг эртнээс мэддэг болохоор хэрэв тэд хүсвэл намайг манай шүтлэгийн хамгийн чанд дэгтэй бүлэглэлийн Фарисай хүн болохыг гэрчилж чадах билээ.

6. Харин би одоо манай эцэг өвгөдөд Бурханы өгсөн амлалтын найдвараас болж шүүгдэж байна.

7. Энэ нь манай арван хоёр овог Бурханд өдөр шөнөгүй зүтгэн үйлчилж, хүртэхийг найддаг тэрхүү амлалт мөн. Хаантан, энэ найдварын төлөө иудейчүүд намайг буруутгаж байгаа юм.

8. Хэрэв Бурхан үхэгсдийг амилуулдаг бол энэ нь яагаад та нарын дунд ер бусын хэмээгдэнэ вэ?

9. Би Назарын Есүсийн нэрийн эсрэг их зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байсан.

10. Үүнийгээ ч Иерусалимд үйлдсэн. Би ахлах тахилч нараас эрх мэдэл аваад, ариун хүмүүсээс олныг шоронд хийснээр барахгүй тэднийг алж байхад нь ч тэдний эсрэг саналтай байлаа.

11. Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв.

12. Ийнхүү би ахлах тахилч нараас эрх мэдэл, үүрэг даалгавар аваад Дамаск уруу явав.

13. Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан.

14. Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх биз ээ” гэж надад хэлэхийг би сонсов.

15. Тэгээд би “Эзэн, Та хэн бэ?” гэхэд Эзэн “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.

16. Гэвч босож, хөл дээрээ зогс. Зөвхөн саяын харсан зүйлийн чинь төдийгүй, мөн хожим Миний чамд үзүүлэх зүйлсийн гэрч, үйлчлэгч болгон Би чамайг томиллоо. Энэ зорилгын үүднээс Би чамд үзэгдсэн юм.

17. Чамайг энэ ард түмэн, харь үндэстнүүдээс чөлөөлөн аваад, Би тэдэн уруу илгээж байгаа нь

18. тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно” гэсэн.

19. Тиймээс Агрийп хаантан, би тэнгэрлэг үзэгдэлд дуулгаваргүй байж болсонгүй.

20. Харин эхлээд дамаскчууд болон иерусалимчуудад, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харь үндэстнүүдэд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан уруу эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” хэмээн тунхаглаж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 26