Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 23:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Паул Зөвлөлийг анхааралтай харан,—Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдарч ирлээ гэв.

2. Тэгтэл тэргүүн тахилч Ананиа дэргэдэх хүмүүст нь түүний амыг алгад хэмээн тушаав.

3. Тэгэхэд нь Паул түүнд—Цагаанаар будагдсан хана чамайг Бурхан цохино доо! Чи намайг Хуулийн дагуу шүүх гэж сууж буй атлаа намайг занчихыг тушааснаараа Хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү? гэхэд

4. тэнд байгсад—Бурханы тэргүүн тахилчийг чи доромжилно уу? гэлээ.

5. Паул—“Өөрийн ард түмний удирдагчийг бүү муул” гэж бичигдсэн байдаг ч ах дүү нараас би түүнийг тэргүүн тахилч гэж мэдсэнгүй гэв.

6. Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд хандан—Ах дүү нар аа, би бол Фарисайн хүү Фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амилалтын төлөө шүүгдэж байна хэмээн хашхирав.

7. Үүнийг хэлэнгүүт фарисайчууд, садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хурал хоёр тал болон хуваагдав.

8. Садукайчууд болохоор амилалт ч, тэнгэр элч ч, сүнс ч байхгүй хэмээн ярьдаг байхад харин фарисайчууд энэ бүхнийг байдаг хэмээн хүлээн зөвшөөрдөг ажгуу.

9. Их шуугиан дэгдэж Фарисайн талын хуулийн багш нар босож, ширүүн маргалдан—Энэ хүнийг буруутгах юу ч алга. Энэ хүнтэй сүнс эсвэл тэнгэр элч ярьсан байж болно гэцгээв.

10. Маргаан ширүүсэж эхэлсэнд, тэд Паулыг тастчих вий гэж мянгатын дарга эмээн, цэргүүддээ явж, түүнийг тэднээс хүчээр салган авч хуаранд аваачихыг тушаав.

11. Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон,—Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.

12. Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй хэмээн андгайлав.

13. Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ.

14. Тэд ахлах тахилч нар болон ахлагчид уруу очиж—Бид Паулыг хөнөөхөөс нааш юу ч амсахгүй байхаар андгайлцгаав.

15. Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч түүний хэргийг нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.

16. Хуйвалдааныг мэдсэн Паулын зээ дүү хуаранд ирж, Паулд мэдэгджээ.

17. Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж—Энэ залуу мянгатын даргад хэлэх мэдээтэй иржээ. Хүргэж өгнө үү? гэв.

18. Тэр түүнийг мянгатын дарга уруу дагуулж ирээд,—Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг хүссэн юм гэжээ.

19. Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад—Чи надад юу хэлэх гээв? гэж хувьчлан асуув.

20. Тэр—Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэт түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэхээр зөвшилджээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 23