Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 21:24-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө Хуулийг сахин, зааврын дагуу явдаг гэдгийг мэдэх болно.

25. Харин итгэсэн харь үндэстнүүдийн тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн өргөл, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас цээрлэх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв.

26. Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, цэвэршилтийн өдрүүд дуусах болон хүн тус бүрийн төлөө тахил өргөх өдрийг мэдэгдэв.

27. Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад—

28. Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, Хууль болон энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекчүүдийг сүмд оруулж энэ ариун газрыг бузарласан гэж хашхиран хэлэв.

29. Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ.

30. Хот бүхэлдээ хөдөлж, хүмүүс олноороо цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа.

31. Тэд түүнийг алахыг завдан байх үед Иерусалим хот тэр чигээрээ үймээн самуунд автсан гэсэн мэдээ Ромын ангийн мянгатын даргад хүрэв.

32. Тэрээр тэр даруй цэргүүд, зуутын дарга нарыг авч тэдэн уруу гүйн очив. Хүмүүс мянгатын даргыг болон цэргүүдийг хармагцаа Паулыг занчихаа болив.

33. Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжлэхийг тушааж, түүний хэн болох, мөн юу үйлдсэнийг нь байцааж эхлэв.

34. Гэвч цугласан олны дундаас зарим нь нэг зүйлийг хашхирч байхад зарим нь ондоо зүйлийг хашхиралдахад чухамдаа юу болсныг шуугианаас олж мэдэж чадаагүй учир тэр түүнийг хуаранд аваачихыг тушаалаа.

35. Паулыг шатан дээр гарч ирэхэд шахцалдааны улмаас цэргүүд түүнийг өргөж явахад хүрчээ.

36. Учир нь хурсан олон араас нь дагасаар—Түүнийг тонилго хэмээн хашхирч байлаа.

37. Паул хуаран уруу орох гэж байхдаа мянгатын даргад—Би танд үг хэлж болох уу? гэхэд тэр—Та грек хэл мэддэг юм уу?

38. Тэгвэл та саяхан үймээн дэгдээгээд дөрвөн мянган алан хядагчдыг цөл тийш дагуулан явсан египет хүн биш байх нь ээ? гэв.

39. Харин Паул—Би бол Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг олон түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ.

40. Түүнийг зөвшөөрөхөд Паул шатан дээр зогсон гараа өргөхөд цугласан олон чимээгүй болов. Тэгээд тэдэнд хандаж Паул еврей хэлээр ингэж хэллээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 21