Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 21:20-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Үүнийг сонсоод тэд Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд—Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л Хуульд зүтгэдэг бөгөөд

21. тэд таны тухай таныг харь үндэстнүүдийн дунд амьдардаг иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүддээ хөвч хөндөх ёслол үйлдэлгүй, мөн ёс заншлаа битгий дага хэмээн сургаж байна гэж сонссон.

22. Тэгэхлээр яах вэ? Мэдээж тэд таны ирснийг заавал сонсоно.

23. Тиймээс бидний хэлэх зүйлийг та хийтүгэй. Бидэнд ам өчгөө өгсөн дөрвөн хүн бий.

24. Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө Хуулийг сахин, зааврын дагуу явдаг гэдгийг мэдэх болно.

25. Харин итгэсэн харь үндэстнүүдийн тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн өргөл, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас цээрлэх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв.

26. Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, цэвэршилтийн өдрүүд дуусах болон хүн тус бүрийн төлөө тахил өргөх өдрийг мэдэгдэв.

27. Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад—

28. Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, Хууль болон энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекчүүдийг сүмд оруулж энэ ариун газрыг бузарласан гэж хашхиран хэлэв.

29. Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 21