Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 2:38-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Петр тэдэнд—Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно.

39. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.

40. Тэр өөр олон үгээр гэрчлэн—Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.

41. Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.

42. Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.

43. Хүн бүрд айдас байлаа. Элч нар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдгийг үзүүлж байв.[Бүгдийн дээр үлэмжийн айдас байлаа]

44. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв.

45. Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа.

46. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон

47. Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 2