Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 18:7-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэр тэндээс явж, синагогийн дэргэд гэр нь байдаг Иустын Тит гэдэг хүний гэрт очив. Тэр Бурханыг шүтдэг нэгэн ажээ.

8. Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас коринтчуудаас олон хүн үгийг сонсоод итгэж, баптисм хүртэцгээж байлаа.

9. Шөнө нь Эзэн Паулд үзэгдлээр дамжуулан—Бүү ай. Үргэлжлүүлэн яригтун. Битгий дуугүй бай.

10. Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамд хор хүргэхээр чам уруу дайрахгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.

11. Тэр тэдний дунд Бурханы үгийг сурган жил зургаан сар амьдрав.

12. Гэвч Галлионыг Ахай нутгийн тэргүүн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд авчирч,—

13. Энэ хүн хуулийн эсрэг Бурханд мөргө гэж хүмүүсийг ятгаж байна гэв.

14. Паулыг ам нээх гэтэл Галлион урьтаж иудейчүүдэд ингэж хэлэв.—Иудейчүүд ээ! Хэрэв энэ нь гэмт хэрэг, эсвэл хорт явдал байсан бол та нарын гомдлыг хүлээж авах үндэслэл надад бүрэн байхсан.

15. Гэтэл хэрэв үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа бол өөрсдөө түүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв.

16. Тийнхүү тэр тэднийг шүүхээс хөөжээ.

17. Тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үүнийг огт тоосонгүй.

18. Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгээд усан онгоцонд суун Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул тангаргаа сахиж үсээ авахуулжээ.

19. Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдэд сургамжилжээ.

20. Тэд түүнийг удаан хугацаагаар байхыг гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй.

21. Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ—Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар уруу эргэж ирнэ гэв. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ.

22. Тэр Кайсарид буугаад явж чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох уруу явав.

23. Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад тэд замд гарч, Галатын дүүрэг болон Фругийг амжилттай туулан гарахдаа бүх дагалдагчдыг урамшуулж явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 18