Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 17:15-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Паулыг гаргаж өгсөн хүмүүс түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болохоор даруй явуулах тушаал аваад буцлаа.

16. Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрсэн тэр хотыг харж сүнсээрээ эгдүүцэн байжээ.

17. Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн, мөн өдөр бүр зах зээлийн газар дээр байсан бүхэнтэй ярилцаж байлаа.

18. Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь—Энэ хоосон чалчигч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө хэсэг нь—Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амилалтыг тунхаглаж байжээ.

19. Тэд түүнийг барьж Арейпагт авчраад,—Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу?

20. Учир нь чи бидний чихэнд нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ.

21. (Афинчууд цөмөөрөө болон тэнд зочлон буй гадаадынхан нэгэн шинэ зүйл сонсох, эсвэл ярихад л цагаа зарцуулдаг байжээ)

22. Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв.—Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа.

23. Учир нь гэвэл би та нарын шүтдэг зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Үл мэдэгдэх бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.

24. Ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мөн учраас гараар боссон сүмд оршдоггүй юм.

25. Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Өөртөө үйлчлүүлэхгүй.

26. Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь

27. хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой.

28. Танай зарим яруу найрагчдын “Бид бас Түүний үр удам” гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог.

29. Бурханы үр удам атлаа бид Бурханлаг Мөн чанарыг хүний санаа, урлагийн тусгалыг тээгч алт, мөнгө, эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй.

30. Иймээс ч Бурхан харанхуй балар үеийг харалгүй өнгөрөөсөн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмших ёстойг Тэр хүмүүст хандан тунхаглаж байна.

31. Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө Тэр тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүмүүст нотолсон ажгуу хэмээв.

32. Үхэгсдийн амилалтын тухай сонсоод зарим нь дооглоход зарим нь—Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа.

33. Ингээд Паул тэдний дундаас гарч явав.

34. Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон өөр хүмүүс бас тэдэнтэй хамт байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 17