Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 17:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэд Амфипол, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв.

2. Паул өөрийнхөө заншлаар тэдэн уруу очиж, гурван Амралтын өдөр тэдэнд Судраас ухуулав.

3. Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод,—Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.

4. Тэдний зарим нь Бурханаас эмээгч үлэмж тооны грекчүүд бас хэсэг язгууртан эмэгтэйчүүдийн хамт итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв.

5. Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бөөгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг барьж авч олны өмнө гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.

6. Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирэн авчирч хашхиралдан—Дэлхийг үймүүлсэн эдгээр хүмүүс энд бас хүрч ирсэн байна.

7. Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, “Есүс нэртэй өөр хаан байна” гэдэг гэцгээв.

8. Үүнийг сонссон хотын эрх баригчид хийгээд цугласан олныг тэд өдөөн хатгав.

9. Эрх баригчид Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулан авч, тэднийг суллав.

10. Ах дүүс шөнөөр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров.

11. Харин тэндхийнхэн Тесалоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа.

12. Тэднээс олонх нь Грекийн хэсэг нэр хүнд бүхий эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамт итгэв.

13. Гэтэл Тесалоникийн иудейчүүд Паулын Беройд ирж, Бурханы үгийг тунхаглаж байгааг мэдээд хүмүүсийг өдөөн хатгаж, үймүүлсээр тэнд иржээ.

14. Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлдэв.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 17