Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 13:6-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав.

7. Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаалаг хүний хамт байдаг ажээ. Сергио Паул Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав.

8. Харин шидтэн Елум (түүний нэрийг орчуулбал ийм ажгуу) тэднийг эсэргүүцэж, захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа.

9. Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон,—

10. Аливаа заль, мэхээр дүүрэн, диаволын хүү, аливаа зөвт байдлын дайсан болсон чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу?

11. Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад, тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа.

12. Болсон явдлыг харсан мөнөөх захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.

13. Паул болон түүний нөхөд Пафаас далай уруу гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднийг орхиж, Иерусалим уруу буцжээ.

14. Харин тэд Пергээс гараад Писидийн Антиохт ирж, Амралтын өдөр синагогт орон суув.

15. Хууль болон эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу хүн явуулж,—Ах дүүс ээ, хэрэв та нарт ард олонд сургах зүйл байвал ярина уу гэхэд

16. Паул босож гараараа дохин ийн хэлэв.—Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгч та нар сонсоцгоо!

17. Энэ Израилийн ард түмний Бурхан бидний эцэг өвгөдийг сонгож, Египетийн нутагт байх үеийнх нь туршид тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр эцэг өвгөдийг маань тэндээс гаргасан.

18. Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэв.

19. Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад дөрвөн зуун тавиад жил өвлүүлсэн билээ.

20. Энэ явдлын дараа Тэр эш үзүүлэгч Самуелыг илгээх хүртлээ тэдэнд шүүгчдийг өгч байв.

21. Дараа нь тэд хаан гуйхад Бурхан Бениамины овгийн Кишийн хүү Саулыг тэдэнд өгчээ. Тэр дөчин жил хаанчлав.

22. Тэгээд Бурхан түүнийг зайлуулж, тэдэнд Давидыг хаан болгон өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх Миний зүрх сэтгэлийн дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би оллоо” гэсэн байдаг.

23. Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан.

24. Түүнийг ирэхийн өмнө Иохан Израилийн бүх ард түмэнд гэмшлийн баптисмыг тунхаглав.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 13