Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 12:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин гарч ирээд,

14. Петрийн дууг танив. Тэр баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ.

15. Тэгтэл хүмүүс түүнд—Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин түүнийг ирсэн болохыг батлан хэлэхэд тэд—Тэгвэл түүний тэнгэр элч байна гэцгээв.

16. Харин Петр хаалгыг тогшсоор л байлаа. Тэд хаалга онгойлгоод түүнийг хармагцаа мэл гайхжээ.

17. Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж,—Энэ тухай Иаковд болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу явав.

18. Өглөө болоход Петрийн яасан тухайд цэргүүдийн дунд багагүй сандрал болжээ.

19. Түүнийг эрээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад, тэднийг цаазлахыг тушаалаа. Херод Иудейгээс Кайсарид очиж, тэндээ байв.

20. Херод Тир болон Сидоны хүмүүст ихэд хилэгнэдэг байв. Тэндхийнхэн хааны нутгаас хоол хүнсээр хангагддаг байсан тул хааны түшмэл Бластыг талдаа татаж нэгэн санаагаар түүн уруу ирж найрамдахыг гуйжээ.

21. Товлосон өдөр Херод эрхэм дээд суудалдаа хааны хувцастайгаа заларч тэдэнд үг хэлж эхлэв.

22. Ард олон—Хүний дуу биш, бурхны дуу байна хэмээн бахдан хашхирч байлаа.

23. Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв.

24. Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа.

25. Барнаб, Саул хоёр үүргээ биелүүлээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас буцав.

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 12