Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Үйлс 10:20-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн уруу оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ.

21. Петр тэр хүмүүс уруу очиж,—Та нарын хайгаад байгаа хүн чинь би байна. Ямар хэргээр та нар ирэв? гэхэд

22. тэд—Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэр элчээс авсан юм гэцгээв.

23. Петр тэднийг орохыг урьж, зочлов.Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ.

24. Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Тэднийг хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулсан байв.

25. Петрийг үүдэн дээр нь ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв.

26. Харин Петр түүнийг босгоод—Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв.

27. Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа.

28. Тэр тэдэнд—Иудей хүний хувьд харь үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар, эсвэл цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа.

29. Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учраа хэлнэ үү? гэв.

30. Корнел—Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож,

31. “Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав.

32. Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч хэмээн урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн дэргэдэх арьсчин Симоны гэрт байгаа” гэсэн юм.

33. Ийм учраас би тан уруу тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.

34. Петр ам нээж,—Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд

35. Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов.

36. Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн мөн)

бүрэн бүлгийг уншина уу Үйлс 10