Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 8:8-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Махан бие дотор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй.

9. Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш.

10. Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие нь үхмэл хэдий ч, зөвт байдлын улмаас сүнс нь амьд байна.

11. Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжуулан үхлийн биест чинь амь өгнө.

12. Тиймд ах дүү нар аа, бид махан биеийн дагуу амьдрахын тулд махан биед өртөнгүүд биш.

13. Учир нь хэрэв та нар махан биеийн дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно.

14. Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм.

15. Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Аав! Эцэг минь!» гэж дууддаг.

16. Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг.

17. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.

18. Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог.

19. Учир нь бүтээлийн тэсэн ядаж хүлээдэг нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэх юм.

20. Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм.

21. Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм.

22. Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ.

23. Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядаж хүлээдэг.

24. Учир нь бид найдвараар аврагдсан байлаа. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна?

бүрэн бүлгийг уншина уу Ром 8