Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 8:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй.

2. Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.

3. Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв.

4. Ингэснээр Хуулийн шаардлага нь махан биеийн дагуу бус, харин Сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх болно.

5. Учир нь махан биеийн дагуу байгчид нь махан биеийн юмсыг боддог. Харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний юмсыг боддог.

6. Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой.

7. Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй.

8. Махан бие дотор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй.

9. Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш.

10. Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие нь үхмэл хэдий ч, зөвт байдлын улмаас сүнс нь амьд байна.

11. Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжуулан үхлийн биест чинь амь өгнө.

12. Тиймд ах дүү нар аа, бид махан биеийн дагуу амьдрахын тулд махан биед өртөнгүүд биш.

13. Учир нь хэрэв та нар махан биеийн дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно.

14. Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм.

15. Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Аав! Эцэг минь!» гэж дууддаг.

16. Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг.

бүрэн бүлгийг уншина уу Ром 8