Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 3:19-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Хуулийн хэлж байгаа болгон нь Хуулийн дор байгч хүмүүст хандан ярьдаг гэдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.

20. Яагаад гэвэл ямар ч махан бие Хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг ирдэг юм.

21. Харин эдүгээ Бурханы зөв нь Хуулиас ангид илэрхийлэгдэв. Үүнийг Хууль ба Эш үзүүлэгчид гэрчилсэн юм.

22. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүнд байна. Ялгаварлал байхгүй.

23. Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,

24. харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ.

25. Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. Ингэсэн нь Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан бөгөөд

26. Тэр Өөрөө зөв байж, Есүст итгэгч хүнийг зөвтгөгч байхын төлөө эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд байсан юм.

27. Тэгвэл сайрхал хаана байна? Энэ нь зайлуулагджээ. Ямар хуулиар вэ? Үйлсийнх үү? Үгүй. Харин итгэлийн хуулиар ажээ.

28. Учир нь хүн Хуулийн үйлсээс ангид, итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг.

29. Эсвэл Бурхан зөвхөн иудейчүүдийнх юм гэж үү? Тэр мөн харь үндэстнүүдийнх биш гэж үү? Тийм ээ, Тэр бас харь үндэстнүүдийнх мөн.

30. Хөвч хөндүүлснийг нь ч итгэлээр, хөвч хөндүүлээгүйг нь ч итгэлээр зөвтгөх Бурхан бол үнэндээ ганц болой.

31. Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг тогтоодог.

бүрэн бүлгийг уншина уу Ром 3