Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Ром 1:19-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж.

20. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй.

21. Яагаад гэвэл тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан хэмээн Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч, мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ.

22. Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд

23. үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ.

24. Иймээс Бурхан тэднийг зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалын бузар юмстай нь зөнд нь орхиж, тэднийг өөрсдийнхөө махан биеийг гутаахад хүргэжээ.

25. Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен.

26. Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхижээ. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ.

27. Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна.

28. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж, хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн бөгөөд

29. тэд бүхий л зөвт бус байдал, хорон муу, шунал, бузар булайгаар дүүрэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрэн, хов жив яригч,

30. гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй,

31. ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Ром 1