Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 6:17-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.

18. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө.

19. Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж.

20. Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй.

21. Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.

22. Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно.

23. Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Иймд хэрэв чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол, тэрхүү харанхуй нь юутай их вэ!

24. Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.

25. Ийм учраас Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш үү?

26. Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?

27. Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ?

28. Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй.

29. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм.

30. Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ?

31. Тиймээс “Бид юу идэх билээ?”, “Юу уух билээ?”, эсвэл “Юу өмсөх билээ” гэж бүү санаа зов.

32. Харь үндэстнүүд энэ бүх зүйлсийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм.

33. Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.

бүрэн бүлгийг уншина уу Матай 6