Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 6:14-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна.

15. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.

16. Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.

17. Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.

18. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө.

19. Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж.

20. Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй.

21. Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.

22. Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно.

23. Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Иймд хэрэв чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол, тэрхүү харанхуй нь юутай их вэ!

24. Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.

25. Ийм учраас Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш үү?

26. Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?

27. Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ?

28. Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй.

29. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм.

бүрэн бүлгийг уншина уу Матай 6