Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 5:6-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно.

7. Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно.

8. Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно.

9. Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.

10. Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.

11. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ!

12. Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.

13. Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй.

14. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.

15. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ.

16. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.

17. Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.

18. Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.

19. Хэн боловч эдгээр тушаалуудаас хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлож, бусдад тийн сургавал тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин хэн боловч тэдгээрийг сахиж, сургавал тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно.

20. Би та нарт хэлье, хэрэв та нарын зөвт байдал чинь фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй л бол, та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Матай 5