Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 5:11-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ!

12. Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.

13. Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй.

14. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.

15. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ.

16. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.

17. Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.

18. Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.

19. Хэн боловч эдгээр тушаалуудаас хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлож, бусдад тийн сургавал тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин хэн боловч тэдгээрийг сахиж, сургавал тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно.

20. Би та нарт хэлье, хэрэв та нарын зөвт байдал чинь фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй л бол, та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй.

21. “Хүн алж болохгүй, хүний амийг хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино” гэж эртний хүмүүст айлдсаныг та нар сонссон.

22. Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ “Хоосон толгой” гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. “Мунхаг” гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор хангалттай буруутгагдах болно.

23. Иймээс, хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал,

24. өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө.

25. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй. Эс тэгвэл арцалдагч хүн чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэдэд хүргэж, чи шоронд хаягдах вий.

бүрэн бүлгийг уншина уу Матай 5