Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 26:33-45 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Петр Түүнд—Танаас болж бүгд бүдэрлээ ч, би хэзээ ч бүдрэхгүй гэв.

34. Есүс—Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ дээ гэв.

35. Тэгтэл Петр Түүнд—Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч, Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар бүгдээрээ бас тэгж хэлцгээв.

36. Есүс тэдний хамт Гетсемани хэмээн нэрлэдэг газар ирж, шавь нартаа—Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд,

37. Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв.

38. Тэгээд тэдэнд—Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв.

39. Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж,—Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа.

40. Тэгээд Тэр шавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт—Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу?

41. Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв.

42. Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран—Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ.

43. Есүс дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Тэдний нүд анилдаж байлаа.

44. Тэр тэднийг дахин орхин холдон явж, өмнө хэлснийгээ хэлж, гурав дахь удаагаа залбирав.

45. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж,—Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Харагтун. Цаг ойртчихлоо. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт орж байна.

бүрэн бүлгийг уншина уу Матай 26