Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 26:19-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Шавь нар нь Есүсийн айлдсанаар үйлдэж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв.

20. Орой болоход Тэр шавь нарын хамт ширээнд тухлан сууж байлаа.

21. Тэднийг зооглон байх үед Тэр—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд

22. тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс—Би биш биз дээ, Эзэн минь! гэцгээв.

23. Тэр—Миний хамт тавганд гараа дүрэгч нь Надаас урвах болно.

24. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэлээ.

25. Есүсээс урвасан Иудас—Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр—Чи өөрөө хэллээ гэв.

26. Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд,—Май, ид. Энэ бол Миний бие гэлээ.

27. Тэгээд Тэр аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө—Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа.

28. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус.

29. Харин Би та нарт хэлье. Үүнээс хойш Би энэ усан үзмийн дарсыг та нартай хамт Эцэгийнхээ хаанчлалд дахин шинээр уух өдрийг хүртэл ер уухгүй гэв.

30. Тэд магтуу дуулсныхаа дараа, Чидун уул өөд явцгаав.

31. Тэгэхэд Есүс тэдэнд—Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.

32. Харин Би амилуулагдсаны дараа, та нараас өмнө Галилд очно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 26