Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 21:20-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж—Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв.

21. Есүс хариуд нь—Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлсэн ч энэ нь биелэх болно.

22. Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав.

23. Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба олон түмний ахлагчид Түүн уруу ирж,—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад

24. Есүс тэдэнд—Би та нараас бас нэг зүйлийг асууя. Хэрэв Надад хариулбал, Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлье.

25. Иоханы баптисм хаанаас эхтэй байсан бэ? Тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд өөр хоорондоо хэлэлцэж—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ.

26. Хэрэв “Хүмүүсээс” гэвэл, энэ хурсан олон түмнээс бид айж байна. Учир нь тэд бүгдээрээ Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд,

27. Түүнд—Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс ч мөн тэдэнд хэлсэн нь—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй.

28. Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр ууган хүү уруугаа очиж “Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн тариалан дээр ажилла” гэсэнд,

29. хүү нь “За” гэсэн атлаа явсангүй.

30. Мөнөөх хүн удаах хүүдээ мөн тэгж хэлэхэд, хүү нь “Үгүй” гэжээ. Гэвч дараа нь гэмшиж, ажиллахаар явав.

31. Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд, тэд—Сүүлчийнх нь гэв. Есүс тэдэнд хандан—Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид болоод янхнууд та нараас түрүүнд Бурханы хаанчлалд орох болно.

32. Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болоод янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзэхдээ гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй.

33. Өөр сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч савыг суулгах нүх ухаж, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ.

34. Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ.

35. Усан үзмийн тариаланчид боолуудыг нь бариад нэгийг нь зодож, нөгөөг нь алж, гурав дахийг нь чулуугаар цохив.

36. Эзэн урьд явуулснаас ч олон тооны боолуудыг дахин илгээсэнд тэд мөн л адил ханджээ.

37. Гэвч дараа нь тэр “Тэд миний хүүг хүндэлнэ” гээд хүүгээ илгээв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 21