Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 18:21-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Дараа нь Петр ирж Түүнд—Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь

22. Есүс айлдсан нь—Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.

23. Иймээс тэнгэрийн хаанчлалыг боолуудтайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаантай зүйрлэж болно.

24. Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгийг нь түүн уруу аваачив.

25. Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ.

26. Боол нь сөхрөн унаж, сунан мөргөөд түүнээс “Намайг тэвчин хүлцэнэ үү. Би танд бүгдийг буцааж төлнө” гэж гуйхад

27. тэрхүү боолын эзэн нь түүнийг ихэд өрөвдөөд суллаж, өрийг нь хэлтрүүлжээ.

28. Харин өнөөх боол гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан өөрийнхөө анд нөхөр болох нэгэн боолыг олж хараад, барин авч хоолойг нь шахаж, “Өрөө төл” гэв.

29. Харин анд нөхөр нь болох тэр боол сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчин хүлцээч. Чамд буцааж төлнө” гэж хэлжээ.

30. Тэр үүнийг хүсээгүй учраас явж, түүнийг өр ширээ буцааж төлтөл нь шоронд хориулав.

31. Түүний бусад найз боолууд нь болсон явдлыг хараад ихэд гуниж, эзэн дээрээ очиж болсон бүгдийг нь мэдэгджээ.

32. Тэгтэл эзэн нь нөгөөх боолыг дуудаад, түүнд “Бузар муу боол оо, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн.

33. Би чамайг өршөөсний адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд,

34. ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг буцаан төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ.

35. Түүнчлэн хэрэв та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 18