Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 18:10-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг юм.

11. [Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм]

12. Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв хэн нэгэн хүн зуун хоньтой байтал, тэднээс нэг нь төөрвөл, тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод төөрсөн нэгийг хайхаар явахгүй гэж үү?

13. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол, төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно.

14. Тиймд эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм.

15. Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, явж түүнтэй ганцаарчлан уулзан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ олж авсан хэрэг.

16. Харин тэр үл сонсвол, өөртэйгөө хамт нэг юмуу хоёр ах дүүгээ дагуул. Тэгвэл хоёр буюу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно.

17. Хэрэв тэр тэднийг сонсохоос татгалзвал, чуулганд хэл. Хэрэв чуулганыг хүртэл сонсохоос татгалзвал, тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг.

18. Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно.

19. Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно.

20. Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.

21. Дараа нь Петр ирж Түүнд—Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь

22. Есүс айлдсан нь—Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.

23. Иймээс тэнгэрийн хаанчлалыг боолуудтайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаантай зүйрлэж болно.

24. Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгийг нь түүн уруу аваачив.

25. Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ.

26. Боол нь сөхрөн унаж, сунан мөргөөд түүнээс “Намайг тэвчин хүлцэнэ үү. Би танд бүгдийг буцааж төлнө” гэж гуйхад

27. тэрхүү боолын эзэн нь түүнийг ихэд өрөвдөөд суллаж, өрийг нь хэлтрүүлжээ.

28. Харин өнөөх боол гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан өөрийнхөө анд нөхөр болох нэгэн боолыг олж хараад, барин авч хоолойг нь шахаж, “Өрөө төл” гэв.

29. Харин анд нөхөр нь болох тэр боол сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчин хүлцээч. Чамд буцааж төлнө” гэж хэлжээ.

30. Тэр үүнийг хүсээгүй учраас явж, түүнийг өр ширээ буцааж төлтөл нь шоронд хориулав.

бүрэн бүлгийг уншина уу Матай 18