Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 16:17-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Есүс түүнд хариуд нь—Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.

18. Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.

19. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэлээ.

20. Тэгээд Тэр Өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэх ёсгүйг шавь нартаа анхааруулав.

21. Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв.

22. Петр Түүнийг татаж—Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд,

23. Тэр эргэж Петрт—Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ.

24. Тэгээд Есүс шавь нартаа—Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг.

25. Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно.

26. Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ?

27. Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.

28. Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Хүний Хүүг хаанчлалынхаа дотор ирэхийг харах хүртэл үхлийг үл амсана гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Матай 16