Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 13:43-58 Ариун Библи, 2004 (АБ2004)

43. Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.

44. Тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.

45. Бас тэнгэрийн хаанчлал бол сайн сувд хайгч худалдаачинтай адил юм.

46. Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна.

47. Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан загасны асар том тортой адил юм.

48. Тор дүүрмэгц, тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайн загасыг нь саванд хийн, харин мууг нь хаяна.

49. Энэ үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж, зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгаж,

50. тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирах болно.

51. Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд, тэд Түүнд—Тийм ээ гэв.

52. Тэгтэл Есүс тэдэнд—Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа хуучныг болон шинийг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.

53. Есүс эдгээр сургаалт зүйрлэлүүдийг ярьсныхаа дараа тэндээс явав.

54. Тэр төрөлх хотдоо ирээд, синагогт нь тэднийг сургахад тэд гайхшран—Энэ мэргэн ухаан, эдгээр гайхамшигт хүчийг энэ хүн хаанаас авсан юм бол?

55. Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү?

56. Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл энэ хүн тэр бүхнийг хаанаас авав? гэцгээв.

57. Тэд Түүнд гомдов. Харин Есүс тэдэнд—Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар л хүндлэгддэг юм гэж айлдав.

58. Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон гайхамшиг үйлдсэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Матай 13