Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 7:20-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэр—Хүнээс гарах юм л хүнийг бузарладаг.

21. Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал,

22. шунахайрал, балмад явдал, мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг.

23. Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.

24. Тэндээс Тэр босоод, Тирийн дүүрэг уруу явжээ. Есүс нэгэн айлд орохдоо Өөрийг нь хэн ч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй.

25. Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй Түүний тухай сонсоод, тэр даруй ирж Есүсийн хөлд унав.

26. Тэр эмэгтэй Сирофоеник гаралтай грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг хөөн зайлуулахыг Есүсээс гуйж байлаа.

27. Есүс түүнд—Эхлээд хүүхдийг цатга. Учир нь хүүхдийн талхыг авч нохдод хаях нь зохисгүй гэхэд,

28. харин тэр эмэгтэй Түүнд—Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн доор байгаа ноход хүртэл хүүхдийн хаясан үйрмэгийг иддэг шүү дээ гэж хариулав.

29. Есүс түүнд—Ингэж хэлсэн тул чи яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ.

30. Гэртээ очоод, тэр хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг үзэв.

31. Есүс дахин Тирийн дүүргээс явж Сидоныг дайран Декапол дүүрэгт байдаг Галил нуур уруу очив.

32. Хүмүүс Түүн уруу дүлий, талтираа хэлтэй хүнийг авчирч түүний дээр мутраа тавиач гэж Есүсээс гуйжээ.

33. Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв.

34. Есүс тэнгэр өөд ширтэн гүн санаа алдаад, түүнд—Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд,

35. өнөөх хүний чих нь онгойж, хэлний нь согог арилж, зөв ярих болов.

бүрэн бүлгийг уншина уу Марk 7