Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 6:20-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо тээнэгэлздэг ч дуртайяа сонсдог байлаа.

21. Хүлээсэн өдөр нь ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар болоод Галилын хүндэт хүмүүст зориулж зоог барьжээ.

22. Херодиагийн охин орж ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад охин ихэд таашаагджээ. Хаан охинд—Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв.

23. Тэрээр охинд [олон удаа] ам гарч,—Чи надаас юуг хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч болов чамд өгнө гэж амлав.

24. Охин гарч, эхээсээ—Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь—Баптисм хүртээгч Иоханы толгойг гэжээ.

25. Охин тэр даруй хааны өмнө очиж—Яг одоо баптисм хүртээгч Иоханы толгойг тавган дээр тавьж надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв.

26. Хаан гүнээ харамссан боловч зочид байсан тул, бас амласан учир охинд татгалзахыг хүссэнгүй.

27. Хаан тэр даруй алуурчныг явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр очоод, шоронд Иоханыг цаазалжээ.

28. Тэгээд түүний толгойг тавган дээр авчраад охинд өгөхөд, охин эхдээ өгөв.

29. Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч хадан булшинд тавьжээ.

30. Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа.

31. Тэр тэдэнд—Та нар зэлүүд газар уруу оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж, очиж, тэдэнд тусдаа юм идэх зав ч байсангүй).

32. Тусдаа байхаар тэд зэлүүд газрыг зүглэн завиар явав.

бүрэн бүлгийг уншина уу Марk 6