Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 14:41-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

41. Есүс гурав дахь удаагаа ирж, тэдэнд—Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Одоо боллоо. Цаг ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна.

42. Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулах хүн ойртон байна гэлээ.

43. Түүнийг айлдаж байх зуур, тэр даруй арван хоёрын нэг болох Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв.

44. Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд—Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттайгаар авч яв гэж хэлсэн байлаа.

45. Иудас ирээд, тэр даруй Есүс уруу очиж, «Рабби!» гээд Түүнийг үнсэв.

46. Тэд Түүнийг барин, баривчиллаа.

47. Гэтэл дэргэд нь зогсогсдоос нэг нь илдээ сугалж тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчсан байлаа.

48. Есүс тэдэнд айлдруун—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирэв үү?

49. Өдөр бүр Би сүмд та нартай хамт байж, зааж байсан. Та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Судар биелэгдэхийн тулд боллоо гэж айлдлаа.

50. Шавь нар цөмөөрөө Есүсийг орхиод, зугтав.

51. Нүцгэн биен дээрээ даавуун хучлаганаас өөр юу ч нөмрөөгүй нэгэн залуу эр Есүсийг дагаж байлаа. Түүнийг хүмүүс барьж автал,

52. тэр хучлагаа ардаа хаяад нүцгэн чигээрээ зугтжээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 14