Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 14:25-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Үнэнээр Би та нарт хэлье. Би Бурханы хаанчлалд дахин шинээр дарс уух тэр өдрийг хүртэл усан үзмийн дарс дахин хэзээ ч уухгүй гэж айлдав.

26. Магтуу дуулсныхаа дараа, тэд Чидун уул өөд явцгаав.

27. Есүс тэдэнд—Та нар бүгд бүдэрнэ. Учир нь “Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.

28. Харин Би амилуулагдсаныхаа дараа, та нараас өмнө Галилд очно гэв.

29. Гэтэл Петр Түүнд—Хэдийгээр бүх хүмүүс бүдэрсэн ч би бүдрэхгүй гэхэд,

30. Есүс түүнд—Үнэнээр Би та нарт хэлье. Өнөөдөр, энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи өөрөө Намайг гурван удаа үгүйсгэнэ гэв.

31. Гэвч Петр бүр их хүчлэн—Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэв. Тэд бүгдээрээ бас тэгж хэлж байлаа.

32. Тэд Гетсемани гэдэг газар ирэв. Есүс шавь нартаа—Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд,

33. Тэр Өөрийн хамт Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Есүс ихэд зовж, шаналж эхлэв.

34. Есүс тэдэнд—Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай гэв.

35. Есүс тэднээс жаахан цаашаа яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг Өөрийнх нь хажуугаар өнгөрсөн байхын тулд залбирав.

36. Есүс—Аав аа, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэж байгааг бус, харин Та юу хүсэж байгаагаа үйлд гэлээ.

37. Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт—Симон, чи унтаж байна уу? Ганцхан цаг сэрүүн байж чи чадсангүй юу?

38. Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс нь хүсэж байна, харин махан бие сул дорой гэлээ.

39. Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав.

40. Тэр дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Учир нь тэдний нүд анилдаж байв. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй.

41. Есүс гурав дахь удаагаа ирж, тэдэнд—Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Одоо боллоо. Цаг ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Марk 14