Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 13:9-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болон захирагчид, хаадын өмнө зогсох болно.

10. Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой.

11. Тэд та нарыг барьж, тушаах үед юу хэлэх тухайд урьдаас бүү санаа зов. Харин тэр цагт та нарт юу өгөгдөнө, түүнийг хэл. Яагаад гэвэл яригч нь та нар биш, харин Ариун Сүнс юм.

12. Ах нь дүүгээ, эцэг нь хүүхдээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхээ эсэргүүцэн босож, тэднийг ална.

13. Та нарыг Миний нэрийн төлөө бүгд үзэн ядах болно. Харин эцсийг хүртэл тэвчсэн хүн аврагдах болно.

14. Харин та нар жигшүүрийн бузар юм нь байх ёсгүй газар байхыг харвал (уншигч нь ойлгог), тэр үед Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг.

15. Байшингийн дээвэр дээр байгаа нь бүү бууг, эсвэл гэрээсээ ямар нэгэн юм авахаар бүү орог.

16. Талбайд байгаа нь хувцсаа авахаар бүү буцаг.

17. Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ!

18. Гэвч энэ нь өвөл тохиолдохгүйн тулд залбирагтун.

19. Юу гэвэл тэр өдрүүд нь Бурханы бүтээсэн бүтээлийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн дахиж хэзээ ч болохгүй тийм гай гамшгийн үе байх болно.

20. Хэрэв Эзэн тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин Тэр сонгосон хүмүүсийнхээ төлөө тэр өдрүүдийг богиносгосон юм.

21. Хэрэв хэн нэгэн та нарт “Харагтун, Христ энд байна”, эсвэл “Хараач, Тэр тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ.

22. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд болон гайхамшгуудыг харуулах болно.

23. Харин болгоомжлогтун. Үзэгтүн. Би та нарт бүхнийг урьдаас хэлсэн.

бүрэн бүлгийг уншина уу Марk 13