Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 12:18-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Есүс уруу ирж, Түүнийг байцаан,—

19. Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл, дүү нь тэр эмийг эхнэрээ болгон авч ахдаа үр удмыг нь төрүүлж өсгө” гэж бичсэн.

20. Ах дүү долоон хүн байжээ. Ууган нь эхнэр авч гэнэ. Нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй.

21. Хоёр дахь нь тэр эмийг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил.

22. Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Эцэст нь тэр эмэгтэй бас нас баржээ.

23. Амилалтад [тэд амилахад] тэр хэний эхнэр болох вэ? Яагаад гэвэл тэр долоо бүгдээрээ түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэхэд нь

24. Есүс тэдэнд—Энэ чинь та нар Бурханы хүчийг ч, Судрыг ч ойлгоогүйгээс төөрөлдөж байгаа хэрэг бус уу?

25. Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, хадамд гарах ч үгүй. Харин тэд тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болно.

26. Харин үхэгсэд дахин амилах тухайд Мосегийн номын бутны тухай хэсэгт Бурхан Мосед “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” гэж айлдсаныг та нар уншаагүй юу?

27. Тэр бол үхэгсдийн бус, харин амьдын Бурхан. Та нар ихэд төөрөлджээ гэж айлдав.

28. Хуулийн багш нарын нэг нь ирж, тэдний маргалдахыг сонсоод, Есүс тэдэнд сайн хариулсныг мэдэж, Түүнээс—Ямар тушаал нь бүхний эхэнд байх вэ? гэж асуулаа.

29. Есүс—Эхнийх нь “Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн.

30. Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун” гэсэн нь юм.

31. “Чи хөршөө өөр шигээ хайрла” гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү өөр агуу тушаал байхгүй гэлээ.

32. Хуулийн багш Түүнд—Тийм ээ, Багш аа, Тэр бол Ганц бөгөөд Түүнээс өөр нэгэн байхгүй гэж Та үнэнээр айлдлаа.

33. Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлаж, хөршөө өөр шигээ хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд өргөлүүдээс ч агуу их юм гэв.

34. Түүний ухаалгаар хариулахыг Есүс хараад, түүнд—Та Бурханы хаанчлалаас холгүй байна гэлээ. Үүнээс хойш хэн ч дахиж Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.

35. Есүс сүмд зааж байсан шигээ,—Яагаад хуулийн багш нар Христ бол Давидын хүү гэж ярьдаг вэ?

бүрэн бүлгийг уншина уу Марk 12