Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 10:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн.

9. Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ.

10. Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув.

11. Есүс тэдэнд—Эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэгч хэн ч эхнэрийнхээ өмнө завхайрсан болно.

12. Хэрэв эхнэр нь нөхрөөсөө салж, өөр эрэгтэйтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв.

13. Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирч байлаа. Харин шавь нар тэднийг зэмлэв.

14. Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа—Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм.

15. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хэн боловч тэнд орохгүй гэж айлдлаа.

16. Есүс хүүхдүүдийг тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв.

17. Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж, Түүний өмнө сөгдөж—Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув.

18. Есүс түүнд—Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш.

19. “Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн хуулиудыг чи мэднэ шүү дээ гэсэнд,

20. тэр Түүнд—Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахисан гэв.

21. Есүс түүнийг ширтэн харж, хайрлан—Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав.

22. Гэвч энэ үгнээс болж өнөөх хүний царай нь барайж, гунигтайгаар яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ.

23. Есүс тойруулж хараад Өөрийн шавь нартаа—Чинээлэг хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! гэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 10