Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 9:21-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Харин Есүс тэдэнд энэ тухай хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад,—

22. Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж, алуулна. Тэгээд гурав дахь өдрөө амилна гэв.

23. Тэр тэдэнд бүгдэд нь хандаж—Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.

24. Учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр нь амиа алдах болно. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр нь амиа аварна.

25. Хэрэв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх билээ?

26. Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Эцгийн болон Өөрийн, мөн ариун тэнгэр элч нарын суу алдраар ирэхдээ түүнээс ичих болно.

27. Гэвч Би та нарт үнэнээр хэлье, энд зогсож байгаа хүмүүсээс зарим нь Бурханы хаанчлалыг харах хүртлээ үхлийг үл амсана гэж айлдав.

28. Ийнхүү айлдсанаас хойш найм хоногийн дараа Тэр Петр, Иохан, Иаков нарыг дагуулан залбирахаар уул өөд гарлаа.

29. Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрчлөгдөж, хувцас нь цагаан өнгөтэй болж, гялалзаж байжээ.

30. Үзэгтүн, хоёр хүн Түүнтэй ярилцаж байсан бөгөөд тэд Мосе, Елиа нар байв.

31. Тэд цог жавхлантайгаар үзэгдэж, Иерусалимд гүйцээгдэх Түүний үхлийн тухай ярьж байлаа.

32. Петр болон түүний нөхөд нойрондоо дийлдсэн байсан, харин бүрэн сэргэхдээ Түүний цог жавхланг, Түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харав.

33. Тэднийг Есүсээс холдон явахад, Петр Есүст—Эзэнтэн, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад барьж өгье гэв. Тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа.

34. Түүнийг ийнхүү хэлж байтал үүл гаран тэднийг бүрхэж эхэллээ. Тэд үүлэн дотор байхдаа ихэд айжээ.

35. Тэгээд үүлнээс—Энэ бол Миний Хүү, Миний сонгосон Нэгэн мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.

36. Тийнхүү дуу гарсны дараа Есүс ганцаараа байж байлаа. Тэд юу харснаа тэр өдрүүдэд хэнд ч хэлсэнгүй, чив чимээгүй байлаа.

37. Маргааш нь тэднийг уулаас буун ирэхэд үй олон хүн Түүнийг тосон авав.

38. Үзэгтүн, хурсан олны дундаас нэгэн хүн—Багш аа, хүүг маань үзээч гэж би Танаас гуйж байна. Учир нь тэр миний ганц хүү юм.

39. Хар л даа. Сүнс хүүг минь эзэмддэг. Тэр минь гэнэт орилон чарлаж, амнаасаа хөөс сахруулж, тарчлан байж арайхийн түүнээс салдаг.

бүрэн бүлгийг уншина уу Лук 9