Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 8:23-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв.

24. Тэд Түүн уруу очиж сэрээгээд,—Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зэмлэхэд, салхи намдаж, нам гүм болов.

25. Тэр шавь нартаа—Итгэл чинь хаана байна? гэхэд тэдний айх гайхах нь зэрэгцэж, нэг нэгэндээ—Салхи, усанд хүртэл тушаахад тэд захирагдаж байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.

26. Тэд Галилын эсрэг талд орших Герас хэмээх газар хүрч ирэв.

27. Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч Түүнтэй учрав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв.

28. Мөнөөх хүн Есүсийг хараад хашхиран, өмнө нь унаж чанга дуугаар—Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.

29. Учир нь Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтан дор байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байлаа.

30. Есүс түүнээс—Нэр чинь хэн бэ? гэж асуухад тэр—Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ.

31. Чөтгөрүүд өөрсдийг нь ёроолгүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа.

32. Тэнд ууланд гахайн олон сүрэг идээшилж байжээ. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайнд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв.

33. Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нуурт унан живцгээжээ.

34. Юу болсныг гахайчид хараад гүйн одож, үүний тухай хот хөдөөгүй зар түгээв.

35. Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс уруу очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад сүрдэцгээв.

36. Үүнийг харсан хүмүүс чөтгөрт эзэмдүүлсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ.

37. Тэр хавийн болоод Герас нутгийн бүх хүмүүс тэндээс явахыг Түүнээс гуйв. Учир нь тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцан явжээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 8