Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 6:40-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

40. Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Харин бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно.

41. Өөрийн нүдэн дэх дүнзээ ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ?

42. Эсвэл чи нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж яаж хэлж чадна вэ? Хоёр нүүртэн чи эхлээд өөрийн нүдэн дэх дүнзийг авч хая. Тэгж байж л чи сайн харж, ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авна шүү дээ.

43. Учир нь муу үр жимс ургуулдаг сайн мод гэж байхгүй, түүнчлэн сайн үр жимс ургуулдаг муу мод гэж байхгүй.

44. Аливаа мод үр жимсээрээ танигддаг. Хүмүүс үүргэнээс инжрийг түүдэггүй шүү дээ. Мөн өргөст бутнаас усан үзэм түүхгүй.

45. Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг.

46. Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд Миний айлдсаныг хийдэггүй юм бэ?

47. Над уруу ирж, үгийг минь сонсоод түүнийхээ дагуу үйлдэгч аливаа хүн хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя.

48. Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 6