Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 23:44-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

44. Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв.

45. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ.

46. Есүс—Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав.

47. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан—Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.

48. Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлсэн буцан явж байв.

49. Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд болоод Түүнийг таньдаг бүх хүмүүс энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо.

50. Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв.

51. (Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ.

52. Тэр хүн Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв.

53. Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороож, хад ухаж бэлтгэсэн булшинд тавив. Тэнд шарил ер тавьж байгаагүй ажээ.

54. Энэ нь Амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Лук 23