Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 23:32-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Түүнтэй хамт алахаар өөр хоёр гэмт хэрэгтэнг авч явлаа.

33. Тэд «Гавал» хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдлов.

34. Есүс—Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ.

35. Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан—Тэр бусдыг авардаг байсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв.

36. Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд гашуун цуу өгч,—

37. Хэрэв Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол, Өөрийгөө авраач гэлээ.

38. Түүний дээд талд «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайз байлаа.

39. Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж,—Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв.

40. Харин нөгөө нь түүнийг зэмлэн—Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу?

41. Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд

42. тэр—Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв.

43. Тэгтэл Есүс түүнд—Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.

44. Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв.

45. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ.

46. Есүс—Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав.

47. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан—Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 23