Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 23:13-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Пилат ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг дуудаад,

14. тэдэнд—Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над уруу авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй.

15. Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцаан ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна.

16. Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая гэжээ.

17. [Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж өгөх үүрэгтэй байв.]

18. Гэтэл цугласан олон бүгдээрээ—Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав.

19. (Бараб нь хотод бослого гаргасан, хүн алсан хэргээр шоронд хоригджээ)

20. Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв.

21. Гэвч тэд—Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхирсаар байлаа.

22. Пилат гурав дахь удаагаа тэдэнд—Яагаад? Энэ хүн ямар бузар мууг үйлдсэн юм бэ? Үхлийн шалтгаан болох ямар ч гэм бурууг би Түүнээс олсонгүй. Тийм учраас Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд

23. харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардан, тэдний дуу хоолой дийлэв.

24. Тийнхүү Пилат тэдний шаардлагыг биелүүлэхээр шийджээ.

25. Тэгээд тэдний гуйсны дагуу бослого гаргаж, хүн алсан хэргээр шоронд хоригдсон хүнийг суллаж, харин Есүсийг тэдний мэдэлд тушаав.

26. Тэд Есүсийг аваад явж байхдаа хөдөөнөөс ирсэн Курений Симон гэгч хүнийг барьж, түүнд загалмайг үүрүүлж, Есүсийн араас явуулав.

27. Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн хойноос нь дагаж явлаа.

28. Харин Есүс тэдэн уруу эргэж—Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл.

29. Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна.

30. Тэгээд тэд ууланд хандан “Бидэн дээр уна”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно.

31. Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай модонд тэгвэл юу болох билээ? гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 23