Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 23:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв.

2. Тэд Есүсийг буруутгаж эхлэн—Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд

3. Пилат Түүнээс—Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр түүнд—Та ч хэлж байна гэв.

4. Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд—Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв.

5. Харин тэд—Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв.

6. Пилат үүнийг сонсоод,—Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув.

7. Түүнийг Херод хааны эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херод уруу илгээжээ.

8. Херод Есүсийг хараад ихэд баярлав. Учир нь тэр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ.

9. Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй.

10. Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүн буруутгаж байлаа.

11. Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, доог тохуу хийсний дараа Түүнд гоёмсог нөмрөг нөмрүүлж, Пилат уруу буцаан хүргүүлэв.

12. Тэр өдөр Херод, Пилат хоёр нөхөд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 23