Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 22:34-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Есүс—Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв.

35. Тэгээд Тэр тэдэнд хандан—Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд—Үгүй, юугаар ч дутаагүй гэв.

36. Тэр тэдэнд—Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр хүн дээлээ зарж, илд худалдаж аваг.

37. Учир нь Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв.

38. Тэгтэл тэд—Эзэн, хараач, энд хоёр илд байна гэхэд Тэр—Энэ чинь хангалттай гэв.

39. Тэгээд Тэр тэндээс гарч, заншсан ёсоороо Чидун уул өөд өгсөв. Шавь нар ч Түүнийг дагалаа.

40. Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж,—Сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гээд

41. Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон, өвдөг сөгдөөд ингэж залбирав.—

42. Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг гэв.

43. Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа.

44. Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.

45. Тийнхүү залбирсныхаа дараа Тэр босож шавь нар уруугаа очоод, уй гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад,

46. тэдэнд—Та нар юунд унтана вэ? Босоцгоо, сорилтод орохгүйн тулд та нар залбирцгаа гэж айлдав.

47. Түүнийг ийнхүү айлдан байтал бөөн хүмүүс ирж яваа үзэгдэв. Арван хоёрын нэг болох Иудас гэгч тэднийг тэргүүлэн явж байв. Есүсийг үнсэхийн тул тэр Түүний дэргэд ирэв.

48. Харин Есүс түүнд—Иудас аа, чи үнсэлтээр Хүний Хүүг барьж өгч байна уу? гэв.

49. Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад—Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд

50. тэдний нэг нь тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив.

бүрэн бүлгийг уншина уу Лук 22