Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 22:21-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна.

22. Учир нь үнэхээр Хүний Хүү оногдсоноороо явж байна. Харин Түүнээс урвагч хүн золгүй еэ! гэв.

23. Тэд өөр хоорондоо—Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв.

24. Тэрчлэн тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ч маргаан дэгджээ.

25. Тэр тэдэнд—Харь үндэстнүүдийн хаад ард олноо ноёрхдог бөгөөд эрх баригчид нь “Буянтнууд” хэмээгддэг.

26. Харин та нар тийм байж болохгүй. Та нарын дотроос хамгийн агуу нь хамгийн өчүүхэн нь мэт болог, удирдагч нь зарц мэт байг.

27. Ширээнд тухлагч, үйлчлэгч хоёрын хэн нь агуу вэ? Ширээнд тухлагч нь биш гэж үү? Харин Би та нарын дунд үйлчлэгч мэт байдаг.

28. Намайг сорилтод байх үед Миний хажууд зогсож байсан нь та нар мөн.

29. Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө.

30. Та нар Миний хаанчлалд Миний ширээнээ идэж уун, Израилийн арван хоёр овгийг шүүн сэнтийд залрах болно.

31. Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан.

32. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул гэхэд

33. тэр Түүнд—Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв.

34. Есүс—Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв.

35. Тэгээд Тэр тэдэнд хандан—Би та нарыг хүүдийгүй, богцгүй, шаахай ч үгүй явуулахад та нар ямар нэг юмаар дутсан уу? гэж айлдахад тэд—Үгүй, юугаар ч дутаагүй гэв.

36. Тэр тэдэнд—Харин одоо, хэнд хүүдий байна, түүнийгээ аваг. Хэнд богц байна, бас аваг. Хэн илдгүй байна, тэр хүн дээлээ зарж, илд худалдаж аваг.

37. Учир нь Би та нарт хэлье. “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон” гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 22